Нийслэлийн ИТХ-аас санаачлан нийслэл, баруун бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хамтарсан зөвлөгөөнийг өнгөрсөн сарын 25-ны өдөр Ховд аймагт зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Зөвлөлдөх хорооны даргаар Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулууныг томилсон юм.
Харин өнөөдрийн хуралдаанаар Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын Гүйцэтгэх хороо болон Шүүхэд төлөөлөх хорооны даргыг нэр дэвшүүлэн сонгох талаар санал солилцлоо. Улмаар гүйцэтгэх хорооны даргаар Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Түмэнбаярыг нэр дэвшүүлэн олонхын саналаар сонгов. Харин Шүүхэд төлөөлөх хорооны даргыг сонгох асуудлыг энэ сарын 8-нд болох хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах саналын талаар хэлэлцэв. Тэр дундаа нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах асуудлаар оролцогч талууд санал хэлж, ярилцлаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ