Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 180 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд Монгол орны хангай, говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг хөгжүүлж ногоон эдийн засгийг дэмжих, уул уурхайн нөлөөлөлд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор гурван үе шат бүхий “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

“САЯ ТОНН-САЯ МОД” ХӨТӨЛБӨРТ:
  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусгажээ.

Өнөөдрийн байдлаар тус компани 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна.

“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

Тус хөтөлбөрт тусгасан 180 сая мод тарих бүсчлэл нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил танилцуулав.

Тухайлбал, доройтсон ойг нөхөн сэргээх зорилтод 101 сая буюу 180 сая модны 56 хувь, агро ойн аж ахуй хөгжүүлэхэд 40 сая мод буюу 22 хувь, цөлжилтөөс хамгаалахад 35 сая мод буюу 20 хувь, хотын ой хөгжүүлэхэд 3.5 сая мод буюу 2 хувийг нь тарих замаар хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд модны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх чиглэлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 га талбайд автомат мод үржүүлгийн газар бүхий “Эрдэнэс” агропарк, Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 га талбайд “Зүүнбаян” агропаркийг байгуулах юм.

“Эрдэнэс”, “Зүүнбаян” агропаркууд нь орчин үеийн дэвшилтэт технологи, инновац шингээсэн өндөр хүчин чадалтай буюу тус бүр жилд 8-10 сая тарьц ургуулахаар тооцон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэн энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.

Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчит бусад компаниудад тулгарч буй нийтлэг асуудлуудын талаар Ажлын хэсгийн гишүүд болон компанийн төлөөлөл нээлттэй санал солилцож, гарцыг шийдлийг тодорхойлоход хамтран ажиллахаар ярилцлаа.

 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)